» МАГИСТРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ
Манай сургууль 2002, 2008, 2019 онд тус тус Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдвартай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор профессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

    магистр

     

    МАГИСТРЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ  ЖУРАМ
    Нэг. Нийтлэг үндэслэл
    Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 , 28.1.3 дахь заалт, Дээд боловсролын тухай хуулийн 8.10, А\370 "Магистр, доктор /Ph.D/ ын сургалт эрхлэхэд баримтлах үлгэрчилсэн журам” ыг үндэслэн магистрын сургалт явуулна.     
     
    Журмын зорилт
    1.1 Энэхүү нийтлэг журмын зорилго нь дээд боловсролын    сургалтын байгууллага (цаашид "сургууль” гэнэ)-д дээд боловсролын магистр, докторын сургалт эрхлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
    1.2 Магистрын сургалтын гол зорилго нь шинжлэх ухааны тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд өндөр түвшинд ажиллахад шаардагдах мэдлэг, чадвар, судалгааны арга зүйг эзэмшүүлэхэд оршино.
    1.3 Магистрантурын сургалтын үйл явцыг сургалтын алба /СА/, сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал удирдан зохион байгуулж Эрдмийн зөвлөлд ажлаа тайлагнана.
    1.4 Дээд боловсролын магистрын түвшний сургалт, судалгааны ажлын агуулга, зохион байгуулалтыг тодорхойлсон цогц баримт бичгийг хөтөлбөр гэнэ.
    1.5 Магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь олон улсад нийтлэг тогтсон зарчимд нийцсэн, эрдмийн эрх чөлөөг хангахад чиглэсэн байна. 

    Хоёр : Хөтөлбөрт тавих шаардлага
    Хөтөлбөр нь сургуулийн хэв шинж, мэргэших чиглэлээс үл хамааран түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үр дүнг хянах, үнэлэхэд баримтлах үзэл баримтлал, зарчим, хүрэх үр дүнг илэрхийлсэн, дараах нийтлэг шаардлагыг хангасан байна.
    2.1 Магистрын хөтөлбөр нь дараахь бүрэлдэхүүн хэсэгтэй байна. 
    А. Хөтөлбөрийн танилцуулга
    Б. Сургалтын төлөвлөгөө
    В. Хичээлийн хөтөлбөр 
    Г. Хөтөлбөрийн зохион байгуулалт 
    Д. Суралцах орчны шаардлага
    Е. Элсэгчдэд тавих шаардлага
    Ё. Багшлах бүрэлдэхүүнд тавих шаардлага
    Ж. Төгсөгчдийн эзэмших ур чадва
    З. Суралцагчийн үнэлгээ 
    2.2 Хөтөлбөрийн танилцуулга 
    Хөтөлбөрийн нэр
    Хөтөлбөрийг албан ёсоор баталгаажуулсан,
    Магдалан итгэмжилсэн хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн тухай мэдээлэл
    Хөтөлбөрийн зорилгo
    Хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр хүрэх үр дүн (төгсөгчийн эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, чадамж)
    Хөтөлбөрийг хариуцах нэгж, хороо захирал, харилцах хаяг 

    2.3 Сургалтын төлөвлөгөө
    2.3.1 Магистрын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий сургалтын байгууллагын захирал  өөрийн сургууль дээр мөрдөх магистрын үлгэрчилсэн сургалтын төлөвлөгөөг сургалтын чиглэл бүрээр Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн батална.
    2.3.2 Магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөөнд хөтөлбөрийн агуулгад холбогдох хичээлийн бүлэглэл, хичээл бүрд харгалзах багц цаг, хичээлийг судлах дараалал болон хоорондын холбоог тусган, хөтөлбөрийн тавих шаардлагыг хангасан байдлыг хэрхэн тооцохыг тодорхойлсон байна.  
    2.3.3 Мэргэжлийн суурь хичээл нийт 10 багц байна. Үүнээс 4 багц  цагийг судалгааны арга зүйн хичээл, 6 багц цаг нь тухайн хөтөлбөрийн онолын үндсэн хичээлүүд байна. 
    2.3.4 Мэргэшүүлэх хичээл нь 12 багц цагаас доошгүй байна. Үүнээс 9 багц цагийг тухайн хөтөлбөрийг хариуцсан магистрын алба нь сонгоно.
    2.3.5 Магистрын ажил бичсэн тохиолдолд профессорын багийн судалгааны болон онолын семинарыг удирдагч багшийн удирдлаган дор хариуцсан зохион байгуулахад 3 багц цаг байна.
    2.3.6 Магистрын ажил бичсэн тохиолдолд магистрын ажлыг 6 багц  цагаар тооцно. 
    2.3.7 Магистрын сургалтын хичээлийн жил 15-аас доошгүй долоо хоног бүхий хоёр улирлаас тогтоно. 
    2.3.8 Өдрийн хэлбэрээр суралцагч (бүрэн ачаалалтай суралцагч)-ийн нэг улирлын ачаалал  9-12 багц цаг байна.  
    2.3.9 Магистрын сургалтанд хамрагсдын суралцах норматив хугацаа 1.5 жил байна. эчнээ хэлбэрийн сургалтын хугацаа өдрийнхөөс 1 жилээр илүү байна.
    2.3.10 Магистрын ажил судалгааны ажлын төлөвлөгөөнд заасан норматив хугацаанд гүйцэтгэж өргөн бариагүй буюу магистрын ажлаа хамгаалж чадаагүй суралцагчийн суралцах хугацааг 2 хүртэл жилээр сунгаж болно. 
    2.3.11 Сунгасан хугацаанд сургалтаа дүүргээгүй магистрантурыг сургуулиас хасна 
    2.3.12 Магистрын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөг холбогдох хөтөлбөрийн хороо боловсруулан, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснийг үндэслэн сургуулийн захирал батална.
    2.3.13 Магистрантын хөтөлбөрийн гүйцэтгэлд бусад сургуульд хуримтлуулсан багц цагийг дүйцүүлэн тооцох асуудлыг сургуулийн сургалтын журамд нарийвчлан тусгана. Дүйцүүлэн тооцоход хөтөлбөрийн магадлан итгэмжлэгдсэн байдал, хөндлөнгийн үнэлгээний дүнг харгалзана.
    2.3.14 Магистрант нь магистрын ажил бичихгүйгээр мэргэжлийн    суурь болон мэргэшүүлэх хичээлээс 10 багц цаг сонгон судалж, нэгдсэн шалгалт өгч болно. Энэ тохиолдолд нэгдсэн шалгалтад багц цаг тооцохгүй. 
    2.3.15 Магистрын ажил хамгаалуулах зөвлөлийн дүрмийг боловсролын асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллага батална. 

    2.4 Хичээлийн хөтөлбөр
    2.4.1 Хичээлийн нэр, зорилго, хичээлийн төгсгөлд хүрэх үр дүн (магистрантын эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, чадамж ) энэхүү хичээлийг судлахын өмнө судалсан байвал зохих хичээлийн тухай үндсэн мэдээлэл байна.
    2.4.2 Хичээлийн үндсэн агуулга, хичээллэх өдөр бүрээр төлөвлөсөн судлах зүйлийн тойм, холбогдох эх сурвалж, гүйцэтгэх даалгавар нь тодорхой байна.
    2.4.3 Магистрын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх арга хэлбэр, үнэлгээний хуваарь тооцно.   
     
    2.5 Хөтөлбөрийн зохион байгуулалт
    2.5.1 Суралцах үйл ажиллагаа нь суралцагч төвтэй, тэдний оролцоог дэмжсэн, үйлээр дамжуулан сургах, хөтөлбөрт суурилсан, идэвхитэй арга хэлбэрийг зохистойгоор хослуулсан байна. 
    2.5.2 Мэдээлэл харилцааны дэвшилтэт технологи ашиглах, он-лайн нээлттэй эхийг уламжлалт сургалтанд ашиглах боломжийг бүрдүүлсэн байна. 
    Ажлын байранд хүлээгдэж буй шаардлагын дагуу дадлагажих, нийтийн сайн сайхны төлөө үйлчлэх замаар хамтдаа ажиллаж, амьдрахад суралцахад боломж олгосон байна. 
    Судалгааны ажил хийх үйл ажиллагаа нь академик  эрх чөлөөг хүндэтгэсэн байна.
    Магистрантын гүйцэтгэх судалгааны ажлын чиглэл, мөн чанарыг тусгасан  аргачлал, төлөвлөгөөг боловсруулах, батлах, өөрчлөлт оруулах асуудлыг сургуулийн сургалтын журамд тусгана.
    4 Магистрын ажлын агуулга, бүтцэд тавих шаардлага загварыг сургууль батална. 

    2.6 Суралцах орчны шаардлага
    2.6.1 Сургалтын тусгай зөвшөөрөл болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэх байгууллагын тогтоосон шаардлагад нийцсэн материаллаг болон материаллаг бус орчныг бүрдүүлсэн байна. 

    2.7 Номын сан, мэдээллийн бааз
    2.7.1 Сургуулийн номын сан нь магистрын сургалт явуулж буй чиглэлүүдээр мэргэжлийн сэтгүүл захиалдаг, интернетэд холбогдсон, магистрын сургалтын чиглэл бүрд хүрэлцэхүйц хэмжээний ном, сурах бичигтэй байхаас гадна мэргэжлийн сэтгүүл, ном зүйн лавлагаа, нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний цувралын сантай байх ёстой.
    2.7.2 Номын сан нь магистрантад зориулсан уншлагын танхимтай байх ёстой.
    2.7.3 Сургууль нь магистрантыг интернет байнга ашиглах боломжоор хангана.
    2.7.4 Сургууль нь жилд 1-ээс доошгүй удаа хэвлэдэг өөрийн эрдэм шинжилгээний  сэтгүүлтэй байна. 

    2.8 Элсэгчдэд тавих шаардлага
    2.8.1 Магистрантурт элсэх хүн бакалаврын зэрэгтэй байна.
    2.8.2 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага элсэгчдийн тоог холбогдох сургуулийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, саналыг үндэслэн тогтооно.
    2.8.3 Магистрант нь өмнө эзэмшсэнээс өөр чиглэлээр дараагийн шатны магистрын зэргийн сургалтад хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах зөрүү гарсан хичээлийг нөхөн үзнэ. Ийнхүү үзсэн хичээлийг магистрын зэрэг олгох үндсэн хичээлд хамааруулахгүй.
    2.8.4 Сургууль нь магистрын боловсрол эзэмших хүмүүсийг элсүүлэхэд тавих шаардлагыг сургуулийн дүрэм, сургалтын журамдаа тодорхой тусгана.  
    2.8.5 Захирлын тушаалаар батлагдсан комисс элсэлтийн шалгалт авах ба энэ комиссыг сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал удирдан зохион байгуулна.  
    2.8.6 Магистрантыг сургалт эрхлэх зөвшөөрөл авсан хөтөлбөрөөр сургахаар элсүүлнэ.
    2.8.7 Гадаадын суралцагч нь монгол хэлээр сургалтад хамрагдах шаардлагыг хангасан байна.
    2.8.8 Засгийн газар   хоорондын хэлэлцээрийн дагуу суралцуулахад хэлэлцээрт заасан нөхцлийг баримтална.
    2.8.9 Магистрантаар суралцуулах тухай захирлын тушаал гарснаар иргэнийг тухайн сургуульд элссэнд тооцно. Тушаалд сургалтын чиглэл, сургах хэлбэрийг тодорхой заасан байна. 
    2.8.10 Сургалтын төлөвлөгөө ёсоор үзэх хичээлүүдийг оруулан тооцсон голч дүн нь 2.8  ба түүнээс дээш дүнтэй элсэгчдийг шалгалтанд оруулна.
    2.8.11 Дархан дээд сургуулийг төгсөгчид 3.7 ба түүнээс дээш голч дүнтэй тохиолдолд магистрантурын элсэлтийн шалгалт авахгүйгээр шууд суралцуулж болно.
    2.8.12 Магистрантад элсүүлэх ажлыг хичээлийн улирал эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө дуусгасан байхаар зохион байгуулна.

    2.9 Багшлах бүрэлдэхүүнд тавих шаардлага
    2.9.1 Магистрын сургалтын багшид тавих шаардлага нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 26 дугаар тушаалаар баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журмын” шаардлагад нийцсэн байна. 
    2.9.2 Үйлдвэрлэл практикийн туршлагатай, өндөр мэргэшсэн багшийг холбогдох чиглэлээр зочин багшаар урьж болох бөгөөд энэ тохиолдолд албан ёсны гэрээ байгуулан ажиллана.  
    2.9.3 Магистрын сургалтад мэргэжлийн хичээл заадаг багш нь бүгд тухайн чиглэлээр докторын зэрэгтэй байх ба бүх багш судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг байх ёстой. 
    2.9.4 Магистрын ажлын удирдагч нь докторын зэрэгтэй, их, дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагад 3 аас доошгүй жил ажилсан туршлагатай, энэхүү журмын 3.1.5 д заасан эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлтэй, идвэхтэй судлаачид байна.   
    2.9.5 Нэг удирдагчийн удирдах магистрын тоо тухайн хичээлийн жилд 3-аас ихгүй байна.  
    2.9.6 Суралцах судалгаа хийх үйлийг үр дүнтэй удирдах технологи арга зүйг эзэмшсэн байна.
    2.9 Багшлах бүрэлдэхүүнд тавих шаардлага
     
    2.10 Төгсөгчдийн эзэмших ур чадвар
    2.10.1 Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил
    1. Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх чадвар (Асуудлыг тодорхойлж, баримт нотолгоонд үндэслэн дүн шинжилгээ хийж, зүй тогтлыг илрүүлэх, тандан судлах, хөгжлийн хандалгыг тодорхойлох, шинэ санаа гаргах, зураглах, боломжит хувилбарыг сонгож илэрхийлэн харуулах)
    2. Шинжлэн судлах шийдэл гаргах (Таамаглал дэвшүүлэн харьцуулсан судалгаа, анализ хийх, загварчилж баримт бичиг боловсруулах)
    3. Системтэй төлөвлөх (Мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, хоорондоо хамааралтай зүйлсийг бүхлээр нь олж харах, харилцан хамаарлыг нь ойлгох, ач холбогдлоор нь ангилан чухал санаан дээр төвлөрч шалгах, харьцуулан сонгох) 
    4. Хувь хүний ур чадвар ба дадал (Шинийг санаачлах эрмэлзэлтэй, уламжлалыг дээдлэн уян хатан бүтээлч сэтгэлгээтэй байх, хувь хүний мэдлэг, ур чадвар, төлөвшлийг үнэлж ухамсарладаг, бие даан суралцах, цагийн болон нөөцийн менежментийг зөв хэрэгжүүлдэг байх)
    5. Мэргэжлийн ур чадвар, төлөвшил (Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, эдийн засгийн тооцоотой байх, тасралтгүй судалгаа хийж, идвэхтэй судлаач байж шинэ мэдлэг, мэдээллийг бий болгон шинжлэх ухаанд хувь нэмрээ байнга оруулах)  
    2.10.2 Харилцааны ур чадвар (Багаар ажиллах чадвар ба харилцаа) 
    1. Багаар ажиллах (Баг бүрдүүлэх, багийг удирдах )
    2. Харилцааны чадвар (Харилцааны стратеги, бүтцийг ойлгодог, бичгийн, электрон мультимеда, график дүрслэлээр болон яриа, бичгээр тайлагнах, хүнтэй харилцах үндсэн ур чадвартай байх) 
    3. Гадаад хэлээр харилцах (Англи болон бусад гадаад хэлээр мэргэжлийн мэдээлэл ашиглах, илтгэх, бичих, чадвартай байх)
    2.10.3 Мэргэжлийн хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар, чадамжийг сургууль тодорхойлно. 

    2.11 Магистрантын үнэлгээ
    2.11.1 Хичээл бүрийн үнэлгээний зэрэгцээ хөтөлбөрийн үндсэн үе шат бүрийн үр дүнг дараах хэлбэрээр үнэлнэ.Үүнд: 
    1. Явцын үнэлгээ
    2. Улирлын үнэлгээ
    3. Ур чадварын үнэлгээ
    4. Бусад үнэлгээ
    2.11.2 Үнэлгээ нь суралцах үйл явцыг дэмжсэн бодитой, үнэлгээний нийтлэг жишигтэй харьцуулах боломжтой байна.
    2.11.3 Магистрантын мэдлэг, чадвар, дадлыг үнэлэхдээ A, B, C, D, F гэсэн үсгэн дүн, 4, 3, 2, 1, 0 гэсэн тоон дүн болон процентон дүн хэрэглэнэ. Үсгэн, процентон болон  тоо (оноо)-н дүнгүүдийг дараах жишгээр нэгээс нөгөөд шилжүүлнэ. 
    2.11.4 Магистрант бүх шалгалтдаа С-ээс доошгүй үнэлгээ авбал зохино.
     
    2.12  Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт
    2.12.1 Хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хөтөлбөрийн хороо хагас бүтэн жил тутам үнэлж сургуульдаа тайлагнаж байна. Энэхүү үнэлгээний хүрээнд дараах чиглэлээр судалгаа хийж дүгнэн шинжилнэ. 
    1. Сэтгэл ханамжийн үнэлгээ (суралцагч, төгсөгчдөөс) 
    2. Явцын үнэлгээ (магистрантурт ахиц дэвшилд үе шаттай хийх үнэлгээ)
    3. Гүйцэтгэлийн үнэлгээ (ажил олгогч, мэргэжлийн хөндлөнгий үнэлгээ) 
    4. Үр нөлөөний үнэлгээ ( мэргэжлийн салбар дахь нөлөөллийг үнэлэх)
    5. Хөтөлбөрийн санхүүгийн байдлын шинжилгээ, үнэлгээ 
    6. Хөтөлбөрийн чанарын үнэлгээ (чанарын үнэлгээ, судалгааг тодорхой үе шат давтамжтайгаар хийж үр дүнг хөтөлбөрийг хөгжүүлэх, сайжруулах бодлого шийдвэрт ашигладаг байх) 

    Гурав:  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

    3.1 Магистрын сургалт эрхэлдэг сургууль нь энэ төвшний сургалтын ажил  хариуцсан удирдлагын нэгжтэй байна. Энэхүү нэгжийн дарга (захирал, эрхлэгч)-нь удирдах ажил буюу багшлах ажлын 3-аас доошгүй жилийн туршлагатай, судалгаа шинжилгээний ажил хийдэг, докторын зэрэгтэй хүн байна.
    3.2 Магистрын сургалтыг нэгдсэн удирдлагаар хангах, сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих, магистрийн зэрэг хамгаалах зөвлөл байгуулах ажлыг зохион байгуулах, холбогдох мэдээллийн сан бүрдүүлэх үүрэгтэй.
    3.3 Магистрын зэргийн сургалтад хичээл заадаг багш нарт тухайн төвшний сургалтын онцлог, хөдөлмөр зарцуулалт болон тэдний мэргэжлийн ур чадварт дүйцсэн цалин хөлс олгоно.
    3.4 Сургууль нь багш нараа судалгаа шинжилгээний ажил эрхлэх боломж, нөхцөл бүрдүүлнэ.
    3.5 Мэргэжлийн эрдэм шинжилгээний дотоод, гадаадын сэтгүүлийн жагсаалтыг сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн захирлын тушаалаар батална.  
    3.6 Магистрын сургалтыг мэргэжлийн тэнхим хариуцаж зохион байгуулна.
    3.7 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлагын мэдээллийн системийг боловсруулан, мэдээллийн системийг боловсруулах, мэдээллийн санг бүрдүүлэн, бүртгэл тооцоог цахимжуулна. 
    3.8 Сургалтын хөтөлбөрийг дүүргэж сургуулиас тогтоосон голч дүнгийн шаардлага хангасан, магистрын ажлаа амжилтай хамгаалан, тухайн ажлаа хянан засварлаж, эцэслэн холбогдох этгээдэд хүлээлгэн өгсөн болон сургуулийн бусад шаардлагыг хангасан магистрантад захирлын тушаалаар магистрын зэрэг олгохоор шийдвэрлэнэ.     

    3.1 Хөтөлбөрийн хороо
    3.1.1 Сургууль нь хэрэгжүүлж байгаа магистрын хөтөлбөр бүрээр түүнийг боловсруулах шинэчлэх, ажлыг мэргэжил, аргазүй болон чанарын удирдлагаар хангаж, үр дүнг хариуцах үүрэг бүхий ХӨТӨЛБӨРИЙН ХОРОО ажиллуулна. 
    3.1.2 Хөтөлбөрийн хорооны бүрэлдэхүүнийг Эрдмийн зөвлөлийн санал, дүгнэлтэд үндэслэн сургуулийн захирал томилно. Хөтөлбөрийн хороог хамтарсан хэлбэрээр байгуулах, түүний бүрэлдэхүүнд холбогдох чиглэлийн нэр хүндтэй эрдэмтдээс оролцуулах асуудлыг сургуулийн журамд тусгана.
    3.1.3 Хөтөлбөрийн хорооны ахлагч нь уг хөтөлбөрийн хэрэгжилтийн чанар, үр дүнг хариуцаж тайлагнана.

    3.2 Гадаад хэлний болон нэгдсэн шалгалт
    3.2.1 Магистрант нийт судлах хичээлийн 2/3-ыг үзсэний дараа гадаад хэлний шалгалт өгнө. Энэ шалгалтыг гурваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй комисс зохион байгуулна.
    3.2.2 Гадаад хэлний болон нэгдсэн шалгалт авах журмыг сургуулийн сургалтын журамд тусгана.
    3.2.3 Гадаад хэлний шалгалтад хангалттай дүн авч чадаагүй  (Тухайн сургуулийн шаардлагыг хангаагүй) суралцагч гадаад хэлний зохих сургалтад хамрагдан дахин шалгалт өгнө. Энэхүү сургалтын хугацаа болон багтаамж сургалтын норматив хугацаа, багтаамжид тооцогдохгүй. 

    3.3  Магистрын ажил
    3.3.1 Магистрантын судалгааны ажлын сэдэв, удирдагчаа сонгосон сонголтыг хүндэтгэн үзнэ. 
    3.3.2 Удирдагч дараах үүрэг хүлээнэ: 
    Магистрын судалгааны ажлын сэдвээ сонгоход зөвлөх.  
    Суралцагчийн судалгааны ажлын төлөвлөгөө боловсруулахад зөвлөх.
    Судалгааны ажил хийх болон магистрын ажил бичих явцад тодорхой хуваариар мэргэжлийн зөвлөгөө өгч, хяналт тавих.
    Ажлын агуулгыг хэсэг бүрээр болон бүхэлд нь дүгнэх.
    Хөтөлбөрийн хороо зөвшөөрснийг үндэслэн удирдсан магистрын ажлыг хамгаалалтад оруулах зөвшөөрөл олгох.
    Эрдэм шинжилгээний семинар зохион байгуулаж суралцагчийн судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх. Мөн өгүүлэл болон илтгэл хэлэлцүүлэх нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй.
    3.3.3 Удирдагчийн хүлээх хариуцлага, холбогдох арга хэмжээг сургуулийн журамд тусгана.
    3.3.4 Гадны байгууллагын судалгаа шинжилгээний ажил эрхлэдэг ажилтныг удирдагчаар ажиллуулах тохиолдолд сургуулийн үндсэн багшийн нэгэн адилаар магистрын судалгааны ажлыг удирдах хамгаалахад ижил үүрэг хариуцлага хүлээлгэнэ.
    3.3.5 Магистрантын судалгааны ажлын үр дүнг энэхүү журмын 3.1.5д заасан сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэлийн хэлбэрээр хэвлүүлсэн байна.  
    3.3.6 Магистрын ажил нь зохих шаардлагыг ханган бүрэн хангасан магистрын ажлыг  2 –оос доошгүй хувь дээр удирдагч, хамгаалуулах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурна. /Магистрын ажлын хувийг тухайн сургуулийн номын санд заавал хүлээлгэн өгнө./
    3.3.7 Сургууль нь магистрын ажлыг электрон хэлбэрээр авч мэдээлэлийн сан бүрдүүлнэ. 
    3.3.8 Магистрын дипломын ажлыг Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлд хамгаална. 
    3.3.9 Зохих шаардлагыг ханган бүрэн эцэслэсэн магистрын дипломын ажилд удирдагч болон хамгаалуулах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурна. 
    3.3.10 Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрмийг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална. 
    3.3.11 Магистрын дипломын ажилд судалгааны шинэ үр дүнг тусгана. Магистрын дипломын ажлын судалгааг (диссертацын ажлын нэгэн адилаар) системтэй, шинжлэх ухааны аргаар явуулна. 
    3.3.12 Магистрын дипломын ажлыг хамгаалалтад оруулах зөвшөөрөл өгөх журмыг сургалтын журамд тусгана.  

    3.4 Магистрын дипломын ажилд иш татахад тавих шаардлага
    3.4.1 Горилогч Магистрын дипломын ажилд ашигласан материал буюу тодорхой үр дүнгийн зохиогч ба эх сурвалжийг заавал иш татна. Энэхүү иш татах шаардлага нь өөрөө дангаар болон бусадтай хамтран хийсэн эрдэм шинжилгээний ажлын хувьд ч мөн хамаарна. 
    3.4.2 Магистрын дипломын ажилын ном зүй гэсэн хэсэгт зөвхөн уг ажилд иш татсан бүтээлүүдийг тусгана.  
         
    3.5  Магистрын зэрэг олгох шийдвэр гаргах
    3.5.1 Сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн, сургуулиас тогтоосон голч дүнгийн шаардлага хангасан, магистрын ажлаа амжилттай хамгаалсан, магистрын ажлаа хянан засварлаж эцэслэн холбогдох этгээдэд тушаасан болон сургуулийн бусад шаардлагыг хангасан магистрантад захирлын тушаалаар магистрын зэрэг олгохоор шийдвэрлэнэ.
     
    Дөрөв:  Хамтын ажиллагаа, хамтарсан хөтөлбөр
    4.1 Сургуулиуд / дотоод гадаадын / хамтарсан, салбар хоорондын хөтөлбөр хэрэгжүүлэх тохиолдолд багц цагийг харилцан хүлээн зөвшөөрөх асуудлыг холбогдох хөтөлбөрийн магдлан итгэмжлэлийн байгууллагын шааардлагад нийцүүлэн сургууль хооронд байгуулсан албан ёсны гэрээгээр зохицуулна. 
    4.2 Гадаадын их дээд сургуулиудын магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг зохих журмын дагуу авсан байна. 
    4.3 Хөтөлбөр нь дотоод, гадаадын нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнтэй  сургуулийн хөтөлбөртэй харьцуулах боломжтой.
    4.4 Сургууль нь хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ төр болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, ажил олгогчидтой харилцан үр дүнтэй хамтран ажиллана.