2. Үндэсний тэтгэлэг
2.1. Суралцагчид тэтгэлэг олгох дээд боловсролын сургалтын байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар аттестатчилагдсан байх;
2.1.2. нийт төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг төгссөнөөс хойш хагас жил, жилээр гаргаж хэвшсэн байх;
2.1.3. төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг олгогдохоос 2 жилийн өмнөх төгсөгчдийн 30 хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан байх;
2.1.4. оюутны үйлчилгээ, төгсөгчидтэй ажиллах бүтэцтэй байх;
2.1.5. удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх;
2.1.6. сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог байх.
2.2. Дараах шаардлагыг хангасан диплом, бакалаврын хөтөлбөрийн суралцагчид үндэсний тэтгэлэг олгоно:
2.2.1. элсэлтийн журмын шаардлагыг ханган элссэн өдрийн ангийн суралцагч байх;
2.2.2. хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх.
2.3. Дараах шаардлагыг хангасан магистр, докторын хөтөлбөрт суралцагчид үндэсний тэтгэлэг олгоно:
2.3.1. магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн нь 2.8-аас доошгүй байх;
2.3.2. докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн нь 3.0-аас доошгүй байх;
2.3.3. хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх.
2.4. Үндэсний тэтгэлгийг нэг хичээлийн жилд 10 хүртэлх сарын турш олгоно. Тэтгэлэг олгох нийт хугацаа нь тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт заасан жилээс хэтрэхгүй байна.
3. Урамшууллын тэтгэлэг
3.1. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр өдрийн ангид амжилттай суралцаж байгаа суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно.
3.2. Тусгай шаардлага хангасан суралцагчид урамшууллын тэтгэлгийг үндэсний тэтгэлгийн хэмжээнээс хувиар тооцон нэмж олгоно.
3.3. Тухайн улирлын урамшууллын тэтгэлгийг өмнөх улирлын голч дүнг харгалзан олгоно.
3.4. Дараах тусгай шаардлагыг хангасан диплом, бакалаврын хөтөлбөрт суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно:
3.4.1. энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж нь 720-иос дээш оноотой шинээр элсэгчид, 3.4 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн;
3.4.2. 3.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа суралцагчид 75 хувийн;
3.4.3. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байрт шалгарсан, олон улсын олимпиадад шагналт байр эзэлсэн шинээр элсэгчид эхний хичээлийн жилд 100 хувийн.
3.5. Дараах тусгай шаардлагыг хангасан магистр, докторын хөтөлбөрт суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно:
3.5.1. 3.6-аас дээш голч дүнтэй суралцсан өдрийн ангийн магистрант, докторантад 75 хувийн;
3.5.2. хөндлөнгийн хянан магадлагаа бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд нэгээс доошгүй өгүүлэл хэвлүүлсэн магистрант, докторантад 100 хувийн;
3.6. Урамшууллын тэтгэлгийг давхардуулан олгохгүй.
4. Сургалтын төлбөр болон амьжиргааны зардал
4.1. Дараах суралцагчид сургалтын төлбөр олгоно:
4.1.1. бүтэн өнчин суралцагч;
4.1.2. хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч;
4.1.3. хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч;
4.1.4. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн;
4.1.5 багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь.
4.2. Дараах суралцагчид амьжиргааны зардал олгоно:
4.2.1. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэн;
4.2.2. хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн;
4.2.3 багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны зардал.
4.3. Сургалтын төлбөр, амьжиргааны зардлын хэмжээг Боловсролын болон Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.
4.4. Сургалтын төрийн сан нь сургалтын төлбөр болон амьжиргааны зардал авах суралцагчтай гэрээ байгуулна. Энэхүү гэрээний загварыг Боловсролын болон Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
5. Бүрдүүлэх бичиг баримт
5.1.Тэтгэлэгт хамрагдах суралцагч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн суралцаж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагад өгнө:
5.1.1. элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч);
5.1.2. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг;
5.1.3. энэхүү журмын 4.1 дэх хэсэгт заасан суралцагчийн хувьд эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт;
5.1.4. энэхүү журмын 4.2.1, 4.2.2. дахь хэсэгт заасан суралцагчийн хувьд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр.
6. Санхүүжилт
6.1. Дээд боловсролын сургалтын байгууллага нь үндэсний болон урамшууллын тэтгэлэг авах шаардлага хангасан суралцагчийн голч дүн, баримт бичгийг хянаж, тухайн сургуулийн оюутны байгууллагатай зөвшилцөн, тэтгэлэг олгох тухай хүсэлтээ улирал бүр Сургалтын төрийн санд хүргүүлнэ.
6.2. Сургалтын төрийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагаас ирүүлсэн тэтгэлэг олгох тухай мэдээллийг хянан магадласны үндсэн дээр үндэсний болон урамшууллын тэтгэлгийг сар бүр тооцож, улирал тутам суралцагчийн дансанд шилжүүлнэ.
6.3. Үндэсний болон урамшууллын тэтгэлэг авсан суралцагч чөлөө авсан эсхүл энэхүү журамд заасан голч дүнгийн шаардлагыг хангаагүй тохиолдолд санхүүжилтийг зогсооно.
6.4. Сурлагын голч дүнгийн шаардлага хангаагүйгээс үндэсний болон урамшууллын тэтгэлгийг нь зогсоосон суралцагч дараагийн улиралд голч дүнгийн шаардлага хангавал тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.
6.5. Энэхүү журмын 4.2.1 дэх хэсэгт заасан суралцагчийн амьжиргааны зардлыг Монгол Улсаас тухайн оронд суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгоно. Дипломат төлөөлөгчийн газар нь өөрийн суугаа болон хавсран суугаа оронд суралцаж байгаа Монгол Улсын иргэний сурлагын дүнгийн талаархи мэдээллийг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Сургалтын төрийн санд хүргүүлнэ.
6.6. Энэхүү журмын 4.1.4, 4.2.2 дахь хэсэгт заасан суралцагчид сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг тухайн хэлэлцээрт заасан нөхцөлийн дагуу олгоно:
6.6.1. суралцагчид олгох тэтгэлгийн хэмжээг холбогдох хэлэлцээрт тодорхой заагаагүй бол боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан шийдвэрээр тогтооно;
6.6.2. дээд боловсролын сургалтын байгууллага нь тухайн суралцагчийн голч дүн, хичээлийн ирц, дотоод дүрэм журмын шаардлагыг хангасан тухай мэдээллийг хичээлийн жилийн улирал бүр Сургалтын төрийн санд хүргүүлнэ;
6.6.3. Сургалтын төрийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагаас ирүүлсэн суралцагчийн мэдээллийг хянан магадласны үндсэн дээр сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг суралцаж байгаа сургалтын байгууллагад нь шилжүүлнэ.
7. Бусад
7.1. Сургалтын байгууллага нь суралцагчийн тэтгэлгийн асуудлаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг удаа дараа буруу гаргаж ирүүлсэн нь тогтоогдвол сургуулийн удирдлага, холбогдох албан тушаалтанд хуульд заасны дагуу хариуцлага тооцно.
7.2. Энэхүү журам нь хоёр дахь удаагаа бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж байгаа суралцагчид хамаарахгүй.
7.3. Сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг санхүүжүүлэх гэрээ, санхүүжилттэй холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна.
- See more at: http://www.khunnu.mn/index.php?view=content&type=item&val=775#sthash.t39jlrEw.dpuf