» СУРГУУЛИЙН ДҮРЭМ
Манай сургууль 2002, 2008, 2019 онд тус тус Магадлан итгэмжлэгдсэн сургууль. - Хэрэглэгчийн найдвартай түнш 2007 - Аттестатчлал 2012- Шилдэг менежменттэй сургууль 2005 2011- Оюутанд ээлтэй сургууль 2012- Багш нарын 90 гаруй хувь нь эрдмийн ба боловсролын зэрэг цолтой , доктор профессор 7 докторант 8 магистр 29, Америк, Солонгос , Япон улсын мэргэжилтэн багш 5

    "Дархан дээд сургууль” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын

    Удирдах зөвлөлийн 2019 оны 11 дугаар сарын 04-ны

    өдрийн хурлаар батлав.

     

     

    "ДАРХАН ДЭЭД СУРГУУЛЬ”НИЙТЭД ҮЙЛЧЛЭХ ТӨРИЙН БУС

    БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ

    Нэг. Нийтлэг үндэслэл

    1.1 Дээд боловсролын сургалтын байгууллага Дархан дээд сургууль сургалтын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, бүрэн эрх, бусад байгууллагатай харилцах хэм хэмжээг тодорхойлж, сургуулийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.

     

    1.2 "ДАРХАН ДЭЭД СУРГУУЛЬ” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага нь Монгол улсын үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, дээд боловсролын сургалтын үлгэрчилсэн дүрмийг үндэслэл болгон мөрдөнө.

     

    1.3 Сургуулийн үндсэн зорилт нь боловсролын бакалавр, магистрын зэрэгтэй боловсрол эзэмшүүлэх, шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа эрхлэн шинэ мэдлэг бүтээх, сургалт болон эрдэм шинжилгээний ажил явуулах чиг үүрэг бүхий хувийн өмчийн сургалт эрдэм шинжилгээний ашгийн төлөө бус байгууллага мөн.

    1.3.1 Улс орны хөгжлийн чиг хандлага нийгмийн хэрэгцээг хангах гадаад хэл, соёл, мэргэжлийн өндөр чадвартай үндэсний мэргэжилтэн бэлтгэхэд оршино гэсэн эрхэм зорилгоо ямагт баримтлана.

     

    1.4 "ДАРХАН ДЭЭД СУРГУУЛЬ” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага нь БСШУЯ-наас дээд сургуульд тавьдаг сургалт судлагааны ажлын түвшинг хангаж, дээд сургуулийн ангиллын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.

     

    1.5 БСШУЯ-ны Сайдын 2004 оны 07 дугаар сарын 20-ийн өдрийн 238 тоот тушаалаар дээд сургуулийн ангилалд орон, үйл ажиллагаа явуулж байна.

    Цаашид их сургууль болох бэлтгэлийг хангаж ажиллана.

     

    1.6 Сургууль нь тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас тэмдэгтэй, өөрийн бэлгэдэлтэй байна.

     

    1.7 "ДАРХАН ДЭЭД СУРГУУЛЬ” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагыг хууль ёсоор эзэмшсэн Дархан Уул аймгийн 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулна.

     

    "ДАРХАН ДЭЭД СУРГУУЛЬ” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага DARKHAN UNIVERSITY, www.darkhandeed.mn гэсэн тогтсон нэрээр интернет, вэб сайтаар монгол ба олон улстай харилцана.

     


    Хоёр. Сургуулийн зохион байгуулалт бүтэц

    2.1 Сургуулийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах нөхцлийг бүрэн дүүрэн хангасан зохион байгуулалт, бүтцийг сургуулийн удирдах зөвлөл тогтооно.

     

    2.2 Сургуулийн зохион багйуулалтын бүтцийн үндсэн нэгж нь тэнхим, лаборатори байна. Тэнхим нь мэдлэгийн тодорхой салбараар төрөлжсөн сургалтын процессийг хариуцан зохион байгуулах нэгж мөн. Лаборатори нь сургалт судалгаа болон туршилт, зохион бүтээх ажил эрхэлдэг нэгж байна.

     

    2.3 Сургууль нь сургалт явуулах чиглэлээр төрөлжсөн факультет /сургууль/ байгуулж болно.

     

    2.4 Сургууль нь өөрийн оршин байгаа газраас нь өөр газар байрлаж түүний чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгж буюу салбартай байж болно.

     

    2.4.1 Төрийн бус өмчийн сургуулийн салбар харъяа байгууллага байгуулах, түүнийг өөрчлөх татан буулгах асуудлыг үүсгэн байгуулагч нь шийдвэрлэнэ. Ингэхдээ боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас холбогдох журмын дагуу зөвшөөрөл авна.

     

    2.4.2 Сургууль түүний салбар, харъяа байгууллагыг өөрчлөх, татан буулгахад суралцагч, ажилтнуудын эрх ашгийг хохироолгүйгээр зохицуулах үүргийг үүсгэн байгуулагч хариуцна.

     

    2.5 Сургуулийн салбар болон бүтцийн нэгжүүд хуулийн этгээдийн эрх эдлэхгүй. Гэхдээ батлагдсан төсвийн хүрээнд бие даан ажиллаж, ажлынхаа чанар, үр дүнг сургуулийн удирдлагын өмнө хариуцна.

     

    2.6 Сургуулийн харъяа байгууллага нь бие даасан хуулийн этгээд байна.

     

    2.7 Сургуулийн зохион байгуулалтын бүтцийн үндсэн болон бусад нэгжийн эрх үүрэг, хариуцлагыг сургуулийн дүрмээр тогтооно.

     

     

    Гурав. Сургуулийн удирдлага

    3.1 Сургуулийн өөрийн удирдлагыг сургуулийн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.

     

    3.2 Сургуулийн удирдах зөвлөлийг Монгол улсын Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу байгуулна. Удирдах зөвлөл дэх багшийн төлөөлөл нь тухайн сургуулийн багш нарын хурлаас сонгогдсон үндсэн багш байна.

    Удирдах зөвлөл нь, удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг үндэслэн боловсруулж баталсан өөрийн дүрэмтэй байна.

     

    3.3 Удирдах зөвлөл нь дор дурьдсан чиг үүрэгтэй байна.

    3.3.1 сургуулийг хөгжүүлэх бодлого, стратеги төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэж батлах, өөрчлөлт оруулах

    3.3.2 сургуулийн дүрэм батлах, түүнд өөрчлөлт оруулах

    3.3.3 сургуулийн бүтэц зохион байгуулалт, орон тоо, цалингийн жишгийг тогтоох

    3.3.4 хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарийг баталж, зарцуулалтад хяналт тавих

    3.3.5 хөрөнгө санхүүжилт бүрдүүлэх, зарцуулах журам тогтоох

    3.3.6 сургалтын төлбөр, дотуур байрны болон үйлчилгээний төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох

    3.3.7 сургуулийн захирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх

     

    3.4 Удирдах зөвлөл нь сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно.

     

    3.5 Сургууль нь, сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, аргазүйн төвшин, үр дүнг хэлэлцэж санал дүгнэлт гаргах, санал зөвлөмж өгөх зэргээр сургалт-аргазүй, эрдэм судлалын ажлыг ерөнхий удирдлагаар хангах үндсэн чиг үүрэг бүхий Эрдмийн зөвлөлтэй байна.

     

    3.6 Эрдмийн зөвлөл нь сургуулийн үндсэн нэгжүүдийн багш нарын хурлаас сонгогдсон төлөөллөөс бүрдэнэ

     

    3.7 Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нийт гишүүдийн хуралдаан байна. Хуралдааны хооронд Эрдмийн зөвлөлийг төлөөлөх тэргүүлэгчид, түүний чиг үүрэгт хамаарах үндсэн асуудлаар ажиллаж болно. Эрдмийн зөвлөлийн дарга нь тухайн сургуулийн захирал байна.

     

    3.8 Эрдмийн зөвлөлийн ажиллах журмыг захирлын тушаалаар батална.

     

    3.9 Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг захирал удирдана. Сургуулийн захирал орон тооны байна. Захирал нь томилсон этгээдэд болон удирдах зөвлөлд ажлаа тайлагнаж, түүний өмнө хариуцлага хүлээнэ.

     

    3.10 Захирал сургуулийн удирдлагыг Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Захирал эзгүй байх хугацаандаа албан үүргээ аль нэг дэд захирал, өөр албан тушаалтанд түр орлуулан гүйцэтгүүлж болно. Ийнхүү түр орлосон этгээдийн шийдвэрийн хариуцлагыг захирал хүлээнэ.

     

    3.11 Захирал нь дараах эрх үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

    3.11.1 дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи хөгжүүлэх төрийн бодлогод нийцүүлэн сургуулиа хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулан Эрдмийн зөвлөл, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх

    3.11.2 багш ажилтны цалин, урамшууллын бодлого, журам боловсруулж батлуулан мөрдүүлэх

    3.11.3 бүтцийн нэгж бүрэлдхүүн, харъяа сургуулийг хэвийн, тогтвортой ажиллах нэгдсэн зохицуулалт, удирдлагаар хангах, тэдгээрийн үйл ажиллагааны чанарын талаар байнгын бүрэн дүүрэн мэдээлэлтэй байх, үр дүнг хариуцах.

    3.11.4 суралцагчдын амжилттай суралцах, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, нийгмийн үйлчилгээнд хамрагдах нөхцлийг бүрдүүлэх

    3.11.5 суралцагчиддаа дадлага хийж, сурч буй мэргэжлийн чиглэлээр ажлын туршлага эзэмшихэд зуучлах, төгсөгчдөө ажлын байр олоход нь туслах үйлчилгээ үзүүлэх

    3.11.6 багш, эрдэм шинжилгээний ажилтны үр бүтээлтэй ажиллах нөхцөл бүрдүүлж, тэднийг хөгжүүлэх

    3.11.7 сургуулийн үндсэн үйл ажиллагааны чанарыг тасралтгүй сайжруулах бүтэц, механизмын тогтвортой ажиллагааг хангах

    3.11.8 сургуулийг хөгжүүлэх санхүү, хөрөнгийн олон эх үүсвэрийг бүрдүүлэх

    3.11.9 сургуулийн гадаад хамтын ажиллагааг бэхжүүлж, сургалт, судалгааны түншлэлийг өргөжүүлэх

    3.11.10 иргэдийн боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх болон нийгмийн халамж, хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх

    3.11.11 сургуулийн багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг баталж, хэрэгжилтийг хангуулах

    3.11.12 хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг

    3.12 Сургуулийн захирал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд холбогдох асуудлаар захиргааны шийдвэр гаргахад зөвлөлгөө өгөх.захиргааны шуурхай удирдлагыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй "Захиргааны зөвлөл” захирлын дэргэд ажиллаж болно. Захиргааны зөвлөлийн бүрэлдхүүн. Ажиллах журмыг сургуулийн захирал батална.

     

    3.13 Сургуулийн захирал өөрийн эрх мэдлийн хүрээний асуудлаар тушаал гаргана. Захирлын тушаалын дугаарыг тухайн жилийн 1 дүгээр сарын 01-ийн өдрөөс 12 дугаар сарын 31-ийн өдрийг хүртэл хугацаанд дараалсан тоогоор алгасалгүй, давхарлуулалгүй дугаарлана.

     

    3.14 Сургуулийн үндсэн чиг үүргийн тодорхой хэсгийг хариуцсан дэд захирал Удирдах зөвлөлийн баталсан орон тооны дагуу ажиллана. Дэд захирлын хариуцах ажил, хэрэгжүүлэх эрх, үүргийг сургуулийн дүрэмд тусгана.

     

    3.15 Дэд захирлыг сонгож, томилох журмыг сургуулийн дүрэмд тусгана.

     

    3.16 Бүтцийн нэгжийн үйл а:жиллагааг сургуулийн дүрэмд нийцүүлэн захирлын тушаалаар баталсан тус тусын дүрмээр зохицуулна.

     

    3.17 Факультет /сургууль/-ийн захирал, тэнхмийн эрхлэгчийг сонгон шалгаруулах журмыг сургуулийн дүрмээр тогтооно.

     

    3.18 Сургууль нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах ажил үүргийг албан тушаалтан, нэгжүүдэд зохистой хуваарилсан зохион байгуулалтын оновчтой бүтэцтэй байна.

     

    3.19 Сургууль нь архив, бичиг хэргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн явуулна. Сургуулийн үйл ажиллагаанд холбогдох статистик, бүртгэл, мэдээллийг бүрэн хөтөлж, суралцагчид, төгсөгчдийн сурлага, олгосон боловсролын баримт бичгийн талаарх мэдээллийг алдагдахгүй, засвар өөрчлөлт хийхгүй, бодитой байлгах нөхцлийг бүрдүүлнэ.

     

    3.20 Сургууль татан буугдсан тохиолдолд архивыг зохих ёсоор бүрдүүлж боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу холбогдох байгууллагад хүлээлгэн өгнө.


    Дөрөв. Сургуулийн сургалтын үйл ажиллагаа
    4.1 Дархан дээд сургуулийн дээд боловсрол зэзмшүүлэх сургалт нь  өдөр, орой, эчнээ гэсэн хэлбэртэй байна.

    4.2 Дээд боловсрол эзэмшүүлэх сургалт мэргэжил, сургалтын чиглэл, төвшин бүрээр зохих стандартыг үндэслэн боловсруулж баталгаажуулсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, хичээлийн хуваарийн дагуу явагдана.  Сургалтын төлөвлөгөөг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр сургуулийн захирал батална. 

    4.3 Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр батлах тэдгээрт өөрчлөлт оруулахад энэ талаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг баримтална. Тухайн хөтөлбөрийн сургалтын бүх хэлбэрт боловсролын нэгдсэн нэг стандартыг мөрдөнө.

    4.4 Сургуулийн өдөр, оройн сургалтын хичээлийн жил 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ. 

    4.5 Дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд боловсролын ажил эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дээд боловсролын сургалт эрхлэх нийтлэг журмыг баримтална.

    4.6 Суралцагчид суралцах хугацаандаа сургуулийн лаборатори, кабинет, эрдэм шинжилгээний болон үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад багш, тусгайлан томилсон удирдагчийн удирдлага дор гүйцэтгэх үйлдвэрлэлийн дадлага нь үндсэн сургалтын бүрэлдхүүн хэсэг болно. Сургуулийн үйлдвэрлэлийн дадлагын хөтөлбөр дүрмийг Эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн захирал батална.

    4.7 Суралцагчийн мэдлэг чадварыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг үндэслэн боловсруулж, сургуулийн эрдмийн зөвлөл хэлэлцэн баталсан сургуулийн хэмжээнд мөрдөх журмын дагуу мөрдөнө.

    4.8 Суралцагч элсүүлэхэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан холбогдох журмыг баримтална.

    4.9 Сургууль нь төгсөгчиддөө боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу диплом олгоно.

    4.10 Сургууль суралцагчийн суралцсан байдлын талаар холбогдох мэдээ, нотолгоог суралцагчийн хүсэлтээр саадгүй гаргаж өгөх үүрэгтэй

     Тав. Сургуулийн багш, бусад ажилтан

     

    5.1 Сургуулийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна. Сургуулийн багшийн албан тушаалын нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмыг баримтална.

     

    5.2 Багш тухайн албан тушаал /ажлын байрны тодорхойлолт/-д хамаарах ажил үүргийг захирал буюу түүний эрх олгосон этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контрактын үндсэн дээр гүйцэтгэнэ. Уг гэрээ контрактад тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах нөхцөл, ажлын цаг, давхар, нэмэлт болон сургуулиас гадуур ажил эрхлэх журам, хариуцах эд хөрөнгө, хүлээх хариуцлага, тусгай шаардлага, ёс зүйн хэм хэмжээ зэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тодорхой тусгасан байна.

     

    5.3 Багшийн ажлын сул байрыг нийтэд зарлаж, сонгон шалгаруулалтын үндсэн дээр багш сонгож авна.

     

    5.4 Сургуулийн багш дараах эрх эдэлнэ.

    5.4.1 сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоо /ажиллах өрөө, ширээ, сандал, интернэтэд холбогдсон компьютер, бичгийн хэрэгсэл, холбогдох мэдээ, мэдээлэл зэрэг/-оор хангуулах

    5.4.2 сургалтад шинжлэх ухааны дэвшилтэт арга барил, боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдхүүнийг сонгон хэрэглэх

    5.4.3 суралцагчид зөвлөгөө өгөх, шаардлага тавих, суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний авьяас, бие сэтгэцийн хөгжилд тодорхойлолт өгөх

    5.4.4 суралцагчийг сонгон суралцуулах, мэргэжлийн сургалт зохион байгуулах

    5.4.5 судалгаа, шинжилгээний ажил хийх, мэргэжлийн дагуу зөвлөхөөр ажиллах

    5.4.6 сургуулийн удирдах болон мэргэжлийн байгууллагад сонгох, сонгогдох, мэргэжлийн нийгэмлэг, холбоонд сонгуульт үүрэг гүйцэтгэх

    5.4.7 хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх, нийгмийн зохих хангамж, хөнгөлөлт эдлэх

    5.4.8 бүтээлийн чөлөө авах

    5.4.9 хууль тогтоомжид заасан бусад эрх

     

    5.5 Багш дараах үүрэгтэй

    5.5.1 хуваарьт хичээлийг төлөвлөсөн цагт тасралтгүй, чанартай хөтлөн явуулж, боловсролын стандартыг хэрэгжүүлэх

    5.5.2 багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих

    5.5.3 суралцагчдад сурах төлөвлөгөө боловсруулах, бие даан ажиллахад нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч, удирдах

    5.5.4 онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх

    5.5.5 суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, тэднийг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг хүндэтгэн хамгаалах

    5.5.6 суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харилцах, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх

    5.5.7 суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих

    5.5.8 эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэн явуулах

    5.5.9 хууль тогтоомжид заасан бусад үүрэг

     

    5.6 Багшийн гүйцэтгэх сургалт, судалгаа, нийтэд үйлчлэх ажлын ачаалал, түүнийг тооцох журмыг сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтооно.

     

    5.7 Сургууль нь багшийн ажлыг дүгнэх журамтай байна. Энэхүү журамд багшийн ажлыг дүгнэх шалгуур, үзүүлэлтүүд, дүгнэх хугацаа, зохион байгуулах журмыг тодорхой тусгасан байна.

     

    5.8 Захиргаа аж ахуй, инженер-техникийн, үйлдвэрлэлийн, сургалт, судалгааны туслах ажилтан болон бусад ажилтны эрх үүргийг Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, сургуулийн дүрэм, дотоод журам, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоор тодорхойлно. Эдгээр ажилтны хөдөлмөрийн харилцаа захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контрактын үндсэн дээр зохицуулагдана.

     

     

    Зургаа. Суралцагч

    6.1 Суралцагч нь зохих журмын дагуу элсэлтийн шалгалт өгч, захирлын тушаалаар сургуульд элссэн байна.

     

    6.2 Суралцагч дараах эрхийг эдэлнэ.

    6.2.1 зохих шаардлагыг хангасан сургалт явуулах хичээлийн байр, дотуур байр, ширээ, сандал, үзүүлэн таниулах, номын сан, лаборатори, туршилтын үйлдвэр, сургалт, эрдэм шинжилгээний болон бусад хэрэгсэл, номын сан, интернэтийн сүлжээ, сургуулийн эрүүл мэндийн төв зэрэг суралцахад шаардлагатай нөхцөл бололцоогоор хангуулах, тэдгээрийг зохих журмын дагуу ашиглах

    6.2.2 сургуулийн санал болгосон хичээлээс сонгон судлах, хувийн төлөвлөгөө гаргах, зөвлөгөө чиглэл авах, суралцах хугацаа, хэлбэрийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх

    6.2.3 сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих

    6.2.4 хууль, тогтоомжид заасны дагуу тусламж, тэтгэмж авах, хөнгөлөлт эдлэх

    6.2.5 сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих

    6.2.6 зарим хичээлийг бие даан судалж, дүгнүүлэх

    6.2.7 эрдэм шинжилгээний ажил, бага хуралд оролцох

    6.2.8 бүтээлээ хэвлүүлэхээр санал дэвшүүлж, шийдвэрлүүлэх

    6.2.9 сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд буюу төлөөлөн оролцох

    6.2.10 магистрант, оюутанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, түүний судалгааны болон дадлагын ажлыг удирдах

    6.2.11 докторант хичээл заах, оюутан, магистрантийн эрдэм шинжилгээний ажил удирдах

    6.2.12 хууль тогтоомжид заасан бусад эрх

     

    6.3 Суралцагч дараах үүрэгтэй.

    6.3.1 сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших

    6.3.2 багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх

    6.3.3 бие дааж суралдцах арга барилыг эзэмших

    6.3.4 багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх

    6.3.5 сургуулийн дүрэм, дотоод журмыг хүндэтгэн сахих

    6.3.6 сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх

    6.3.7 хууль тогтоомжид заасан бусад үүрэг

     

    6.4 Суралцагчийг шилжүүлэх , хасах, тэдэнд чөлөө олгох, түүний сургалтын төлбөр болон хүлээх хариуцлагатай холбоотой асуудлыг холбогдох журам, заавар, суралцах гэрээний хүрээнд шийдвэрлэнэ

     

    6.5 Суралцагч нэг сургуулиас нөгөө сургуульд шилжин сурч болно.

    Ийнхүү шилжин сурахад түүний багц цагийг хүлээн зөвшөөрөх журмыг сургууль тогтооно.

    Шилжүүлэн авагч сургууль шилжин ирж буй суралцагчийн сургалттай холбогдолтой баримт бичгийн бодит байдлыг хянах үүрэг хүлээнэ. Суралцагчийн суралцаж байсан сургууль нь түүнд зохих тодорхойлолт, лавлагаа, бичиг баримтыг шуурхай гаргаж өгнө.

     

    6.6 Суралцагч сургуулийнхаа дүрэм, журмын хүрээнд өөр сургуулиас багц цаг авч болно

     

    6.7 Сургуулийн бэлтгэл ангийн болон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдагчид, өөр сургульд сурч буй боловч тухайн сургуульд хоёрдогч мэргэжил эзэмшихээр буюу эсвэл багц цаг цуглуулахаар суралцаж буй этгээдийн боловсролын үйлчилгээ авахтай холбоотой эрх зүйн харилцааг сургуулийн дүрэмд тусгана.

                                                                                                   

                                                                                              Долоо. Сургуулийн эдийн засаг

    7.1 Сургууль санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, багш, ажилтан, суралцагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн явуулсан аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоо Боловсролын тухай хуульд заасан зориулалтын дагуу захиран зарцуулах эрхийг сургуулийн захиргаа эдэлнэ.

    7.2 Сургууль үүсгэн байгуулагчаас өөрт нь нийлүүлсэн хөрөнгө болон тухайн сургуулийн үйл ажиллагааных нь явцад бий болсон хөрөнгийг өөрийн үндсэн ажиллагааны зорилго, дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд нийцүүлэн зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах үүрэгтэй.

     

    7.3 Дархан дээд сургуулийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

    7.3.1 сургалтын төлбөр

    7.3.2 бусад эх үүсвэр

     

    7.4 Сургуульд хандивласан хөрөнгийг сургуулийн санхүүгийн тайланд тусгаж, зориулалтын дагуу ашиглана. Сургуульд хандивласан хөрөнгө нь хууль ёсны эх үүсвэртэй байна.

    7.5 Сургууль нь 2 жил тутамд санхүүгийн үйл ажиллагаандаа аудитын болон санхүүгийн хяналтын эрх бүхий байгууллагаар шалгалт хийлгэж дүнг нийтэд ил тод мэдээлж байна.

     

     

    Найм. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ба

    хүчин төгөлдөр болох

    8.1 Сургуулийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл болон захирлын зөвлөлийн гишүүд, түүнчлэн багш, ажилтан, суралцагч гаргаж болно.

     

    8.2 Сургуулийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах бөгөөд баталсан тухай шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр болно.